Харвардын профессорын бестселлер номонд Монголын тухай

- Оруулсан : Бямбацэрэн Пүрэвдорж
- Үзсэн : 1002
- Огноо : 2017-06-07 00:14:08
- Tweet
-
0сэтгэгдэл
Форбес сэтгүүл сүүлийн 50 жилийн хамгийн шилдэг бизнесийн сэтгэгч, хамгийн нөлөө бүхий бизнесийн онолчийн нэг хэмээн Харвардын их сургуулийн бизнесийн профессор Клэйтон М. Кристенсен (Clayton M. Christensen) -ийг нэрлэсэн байдаг. Олон жилийн өмнө түүнийг Монголд хувиараа ирэхэд нь харах боломж олдож билээ. НБА-гийн сагсан бөмбөгийн тамирчин шиг л их өндөр хүн. Монголд 1 жил хагасын турш сайн дурын ажил хийсэн охиноо авах гэж ирсэн юм. Тухайн үед цөөн тооны хүмүүстэй уулзалт хийгээд л өнгөрсөн. Тэр уулзалтанд дээр сууж байхдаа мундаг сургуулийн мундаг хүн байна даа гээд ихэд шимтэнгүй сонсож байсан ч хэлний бэрхшээлээс болоод төдийлөн сайн ойлгосон юмгүй үлдэж билээ. Уулзалтын дараа цуг зураг авхуулъя гэсэн ч гоё аппарат байсангүй, бас тэр үед мундаг гар утас ч байсангүй. Бас Англи хэлгүй болохоор яръя гэсэн ч таг... Бага байхаасаа л Англи хэлийг шимтээд сурч байхгүй яав даа гээд л тэрүүхэн үедээ харамсаад л дотроо сурна гэсэн зорилго тавиад л сэтгэлээ засаад өнгөрсөн юм даг. Гэхдээ ямар ч байсан иймэрхүү мундаг хүмүүстэй уулзах боломж гарах болгонд нь чадна, болно гэсэн урам авдаг нь сайхан юм даа...
Олон жилийн дараа буюу 2016 оны 10-р сард түүний бичсэн бестселлер номнуудын нэг болох "How will you measure your life?" буюу утгачилбал "Та амьдралаа хэрхэн хэмжих вэ?" хэмээх номыг Англи хэл дээр нь уншаад, одоо бараг дуусч байна. Олон бизнесийн мундаг профессорууд энэ номыг хичээлээс гадуур уншихыг санал болгох юм. Тэгээд ямар ч байсан Amazon-с захиж аваад уншлаа. Зөвхөн бизнесийнх гэлгүй, хувь хүний амьдралдаа хэрхэн амжилт гаргах талаар гайхалтай судалгаа, баримт, түүхээр баяжуулан бичиж. Өөрийнх нь сургуулийн төгсөгчид дундаас олон жилийн дараа санхүүгийн хувьд бие даасан ч хувийн амьдралаа зохицуулж чадалгүй алдаж эндэн, бүр шоронд хүртэл орсон хүмүүс байхыг хараад энэ талаар судалсан юм байна. Тэгээд дүгнэлт нь маш энгийн. Гэр бүлийн харилцаа нь сайн байдаг, мөн найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ сайн харилцаатай байж чаддаг болон эдгээрийгээ асран халамжилж, өөрийн хайраа үзүүлж чаддаг хүн бизнест, ажил төрөлдөө амжилт гаргадаг гэсэн дүгнэлт юм. Энийгээ бүр баталж. Олон хүн амьдралыг зөвхөн мөнгөөр хэмжиж болохгүй гэдгийг маш тодорхойгоор хэлж. Ингэхдээ мөн өөрийн хийж байгаа ажилдаа маш их дуртай байх нь, түүнийгээ олж хийх нь жинхэнэ амжилтын үндэс гэсэн байгаа юм. Надад бол энэ хэсгээс л хариулт авах зорилго анхнаасаа байсан юм. Түүний "Emerge" хийх буюу яваандаа нэгдэн нийлэх гэсэн санаа нь дуртай ажил мэргэжлээ сонгох гэж байгаа хүмүүст бол үнэхээр хэрэгтэй, сонирхолтой "өнцөг" байна лээ. Ер нь хүн дуртай ажлаа хийхдээ л жинхэнэ аз жаргалыг мэдэрч, үүнээс сэтгэлийн таашаалыг авч байх хэрэгтэй. Тиймээс, анхнаасаа л ийм ажлыг олох хэрэгтэй юм. Үгүй бол тэгээд л урсгалаараа явсаар байгаад дуусна гэсэн үг. Үүнийг л хэрхэн олох вэ гэдэг дээр энэ ном хариулт өгөх болов уу... Мэдээж өөр маш олон чухал санаанууд, хэсгүүд байгаа л даа. Тэр бүгдийг нь нуршихаа больё. Та өөрөө уншвал илүү сонирхолтой.
Монголчуудад арай ойр дотно, сонирхолтой хэсэг гэвэл уг номын 116-р хуудас тэр чигтээ Монголын тухай байсанд юм. Охиных нь Монголд олсон туршлагыг, өөрийнхөө Солонгост өнгөрүүлсэн туршлагатай холбож хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлаж, бусдад үнэн сэтгэлээсээ хандах тухай бичсэн нь сонирхолтой байлаа. Харийн хүн Монголчуудыг хайрлаж байгаагаа ил тод, бүр өөрийн бичсэн номондоо оруулаад тэрийг нь олон сая хүн мэдэж авч байна гэхээр нэг л дотно бас бодууштай санагдав. Үнэхээр л Монголчуудтай холбоотой хэсэг нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн нь лавтай. Бидний цөөхөн Монголчууд зөвхөн өөрсдийгөө гэлгүй, бусад улсын иргэдийг ч гэсэн ялгаваралгүй харьцаж сураад, аль алиндаа хэрэгтэй зүйлсээ хуваалцаад, хамтраад ажиллавал уг нь амжилтанд хүрэх юм шиг санагдах...
Ямар ч л байсан ихийг бодогдуулсан бас хэрэгтэй үедээ шүүрч аваад чухал санааг нь санаж, хуваалцмаар сайхан ном байна. Илүү дэлгэрэнгүй юм бичвэл уг номыг унших хүслийг чинь унтраах болов уу хэмээн эмээв...
Эцэст нь, унших гэж байгаа бол танд ч гэсэн өөрийн хайж байгаа зүйлээ олохыг хүсье дээ! Та амьдралаа хэрхэн хэмжих вэ?
Фэйсбүүк сэтгэгдэл